Судалгааны ажлууд

Манай компани нь нисэх буудлын үйл ажиллагаа эрхлэхээр холбогдох тооцоо, судалгаа хийхийг зорьсон хувь хүн, байгууллагад нисэхийн мэргэжлийн зөвлөгөө өгөх, судалгаа, тооцоог хийх зэрэг үйлчилж байна.

Нисэхийн салбар нь мэргэжлийн, харьцангуй хариуцлагатай салбар бөгөөд тооцоо, судалгаагүйгээр мэргэжлийн бус, чадвар муутай бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа эрхлэх нь ямар ч аюул, эрсдэлийг дагуулж болох юм.

Бид нисэх буудлын аэродромын талбай сонголт, аэродромын ба барилга байгууламжийн зураг төсөл, холбоо навигаци, цаг уур, зорчигч үйлчилгээ болон ачаа тээшний үйлчилгээний тоног төхөөрөмжүүд, аюулгүй байдлын үзлэгийн рентген тоног төхөөрөмж, аэродромын цас цэвэрлэгээний болон галын машин зэрэг тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжүүдийн судалгаа хийж, техникийн шаардлагууд боловсруулах зэрэг ажлуудыг хийж байна.

Бид дараах судалгаануудыг хийсэн. Үүнд:

  1. Эрдэнэт нисэх буудлын судалгаа. Агаарын тээврийн Изинис ХХК-ийн захиалгаар Орхон аймгийн нутагт Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хиймэл уулын урд байрлах Эрдэнэт нисэх буудлын судалгааг 2011 оны 1-р сард хийсэн. Энэ судалгаа нь Эрдэнэт нисэх буудлын үйл ажиллагааг сэргээх зорилгоор хийгдэж байсан. Энэ судалгааны явцад Эрдэнэт нисэх буудлыг сэргээж, байнгын үйл ажиллагаатай болгоход шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, боловсруулах шаардлагатай баримт бичиг, заавар журмууд, засварлах, өргөтгөх шаардлагатай зам талбай, барилга байгууламж болон тэдгээрт шаардагдах хөрөнгийн хэмжээг нарийн тооцоолж, захиалагчид тайлангаар хүргүүлсэн.
  2. Баян айраг эксплорэйшн ХХК-ийн захиалгаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт байрлах Баян айргийн хайгуулын ангийн ойролцоо Баян айраг нисэх буудлын аэродромын талбай сонгох ажлыг ИНЕГ, Аэромонгол ХХК, ЭЗТ ХХК-тай хамтран 2011 оны 11-р сард хийж гүйцэтгэсэн. Энэхүү талбай сонголтын ажлын явцад Дөрвөлжин сумын цаг агаарын ажиглалтын станцын мэдээг авч ашиглан, боловсруулалт хийн, Хөөрч буух зурвасны чиглэл, урт болон бусад тооцоог хийсний үндсэн дээр аэродром байгуулан, ашиглах боломжтой 4 талбайг сонгож, тэдгээрч харьцуулалт хийсний үр дүнд хайгуулын ангиас 6 км зайтай байрлах 2 талын оролттой, 09-27 чиглэлтэй талбайд аэродром байгуулахаар тогтсон билээ. Мөн тухайн сонгосон талбай болон Монгол улсын дотоодын нислэгийн агаарын замтай хэрхэн холбогдох боломжийг судалж, холбогдох зохицуулалтын ажлыг хийсэн.
  3. Aspire mining компанийн захиалгаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт орших Овоот толгойн хайгуулын ангийн ойролцоо шинээр байгуулах Aspire нисэх буудлын аэродромын талбай сонгох, сонгосн талбайд аль компанийн ямар төрлийн агаарын хөлгөөр нислэг үйлдэх нь илүү тохиромжтой болохыг судалж, сонгосон талбайд нисэх буудал байгуулахад ямар загвар, бүтэцтэй аэродром байгуулах, шинээр байгуулагдах нисэх буудлын үйл ажиллагааг хэрхэн явуулах зэрэг олон асуудлаар дэлгэрэнгүй судалгааны ажлыг 2012 оны 2-р сард хийсэн.
  4. Алтайн хүдэр ХХК-ийн захиалгаар Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт орших төмрийн хүдрийн уухайн орчимд байгуулахаар төлөвлөсөн нисэх буудлын аэродром, барилга байгууламжийн зураг төсөл, техникийн шаардлагыг боловсруулах ажлыг зураг төслийн ЭЗТ ХХК-тай хамтран 2012 оны 3-р сард гүйцэтгэсэн.
  5. Өмнийн говийн элс ХХК-ийн захиалгаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Овоот нисэх буудлын Хөөрч буух зурвасны байдалд үнэлгээ хийх, засварын ажил хийлгэх талаар судалгааны ажлыг 2011 оны 7-р сард хийсэн.

Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хүсэлтээр Налайхын цэргийн аэродромыг судалж, үйл ажиллагааг нь сэргээхэд шаардагдах техник, тоног төхөөрөмж худалдаж авах, засвар өргөтгөлийн ажлыг хийхэд шаардагдах санхүүгийн тооцоог хийх зорилгоор тус аэродромыг судаж, тайлан гаргасан.