Улаанбаатар хотын багц дүрэм

Улаанбаатар хотын иргэдийн тайван, ая тухтай, аюулгүй оршин суух нөхцлийг бүрдүүлэх, хотын хөгжлийг дэмжих, хотын сайн засаглалыг тогтоох үндсэн зорилготойгоор Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ)-аас зарласан "Улаанбаатар хотын багц дүрмийг боловсруулах" төслийг гүйцэтгүүлэх сонгон шалгаруулалтанд манай компани шалгарч 2013 оны 4 дүгээр сард Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна.
Уг төсөл нь 2013 оны 4 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сар хүртэл 30 сарын хугацаанд хэрэгжихээр төлөвлөгдсөн. Бид төслийн хэрэгжүүлэгч байгууллага болох НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, хотын бусад холбогдох газар, агентлагуудтай хамтран ажиллаж байна.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын амьдралыг зохицуулсан, иргэддээ чиглэсэн, нийтийн эрх ашигт нийцсэн, иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс доор дурдсан багц дүрмийн тогтолцоо бүхий эрх зүйн систем бүрдэх юм. Үүнд:
• Хотын засаг захиргааны бүтэц, үйл ажиллагааны загвар, үндсэн дүрэм;
• Нийтийн аюулгүй байдал, аюулгүй орчин;
• Ногоон байгууламжийн ашиглалт, хамгаалалт;
• Иргэдийн эрүүл мэнд;
• Нийтийн болон хувийн эд хөрөнгийн хамгаалалт;
• Барилга байгууламж, тэдгээрийн зохицуулалт;
• Газар төлөвлөлт, ашиглалт, нийтийн эзэмшлийн газар;
• Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зохицуулалт;
• Нийтийн тээвэр;
• Гудамж, зам, талбайн ашиглалт;
• Бизнесийн үйл ажиллагаа;
• Хотоос үзүүлэх төрөл бүрийн үйлчилгээ;
• Дэд бүтэц;
• Бүсчлэл;
• Мал, тэжээвэр амьтан;
• Галын аюулгүй байдал, урьдчилан сэргийлэлт
• Бусад
Хот нь үндсэн болон багц дүрэмтэй болсноор хотын иргэд, хүчтэй засаглалтай байх зорилтыг хангахаас гадна хотын өөрөө удирдах байгууллага бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Хотын эдэлбэр газарт зохиогдож буй бүхий л үйл ажиллагаанд оролцох, өөрөө удирдах байгууллагын ажилд хяналт тавих, үнэлгээ өгөхөд хотын иргэдийн оролцоо нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Иргэдийн оролцоо нь сонгуулиар санал өгөх, өөрөө сонгогдох, мөрдөгдөж буй болон шинээр батлагдсан дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга гаргах, санал асуулга явуулах, зөвлөлийн гишүүн болон албан тушаалтныг эргүүлэн татах зэргээр баталгаажих юм