NUBIA

Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын төсөл Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Иргэний агаарын тээврийн хөгжлийг эрчимжүүлж, Төв аймгийн Хөшигийн хөндийд Олон улсын нисэх буудал байгуулж, Улаанбаатар хотын дэд бүтцэд холбоно гэсэн зорилт өнөөдөр бодит биелэлээ олж, Хөшигийн хөндийд нисэх буудлын барилгын ажил 3 дахь жилдээ явагдаж байна.
Монгол улсын ерөнхий сайд асан М.Энхболд 2006 оны 3 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд Япон улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд Улаанбаатар хотын ойролцоо олон улсын шинэ нисэх онгоцны буудал байгуулахад хамтран ажиллах тухай санал тавьсныг Япон Улсын Засгийн газар нааштайгаар хүлээн авч, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр уг онгоцны буудал барих шийдвэрийг гаргаж байсан билээ.
Айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээнд чухалчлан тусгагдсаны дагуу Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хөтөлбөрийн хүрээнд 2007 онд хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх 3 төслийн нэгээр Улаанбаатар хотын олон улсын шинэ онгоцны буудал ийнхүү сонгогдсон юм.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх буудлын Төслийн судалгааг хийсний дараа санхүүжилтэд зориулж 28 тэрбум 807 сая иены хөнгөлөлттэй зээл олгох хэлэлцээрийг 2008 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан юм. Тухайн сард багтааж Монгол Улсын Их Хурлаас уг асуудлыг соёрхон баталснаар төслийн үйл ажиллагаа хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.
Энэхүү нисэх буудлын төслийн гүйцэтгэгч нь Митцүбиши, Чиода корпорациудын түншлэл бөгөөд туслан гүйцэтгэгчээр Самсунг компани ажиллаж байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар тус нисэх буудлын хөөрч буух зурвасны суурийн ажил, зорчигч үйлчилгээний барилгын ажил явагдаж байна.
Олон улсын шинэ нисэх буудлын цогцолборын хүрээнд Зорчигч үйлчилгээний барилга, нисэх буудлын захиргаа болон оффис үйлчилгээний барилга, Нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, Ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга, Гал унтраах, авран хамгаалагчдын байр, Нисэх буудлын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний барилга, Цэвэр ус, Дулаан хангамжийн барилга, Цэвэрлэх байгууламж, инженерийн шугам сүлжээ, онгоцны зогсоол талбай зэрэг 30 гаруй барилга байгууламж баригдах юм.
Үүнээс Монгол Улсын Засгийн газар доорхи барилга байгууламжийг өөрийн хөрөнгөөр хариуцан барьж байгуулна. Үүнд:
• Нисэх буудлын Захиргаа оффисын барилга, Ачаа, шуудан тээврийн болон Нисэх буудлын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний барилга, Үерийн хамгаалалт, далангийн байгууламжийг барих
• Улаанбаатар хотоос Хөшигийн хөндийн нисэх буудал барих газарт 110 Квт-ын цахилгаан дамжуулах шугам татах, дэд станцыг барих
• Шинэ нисэх буудлыг Улаанбаатар хоттой хурдны автозамаар холбох
• Улаанбаатар хотоос интернэт холбоо мэдээллийн шилэн кабель татах
• Шинэ нисэх буудлын шатахууны агуулах, газар доогуур шатахуун цэнэглэх байгууламж
Шинэ нисэх буудлын хөөрч буух зурвас нь 3600х45 метр хэмжээтэй байх ба хоёр талаасаа онгоц хөөрч, буух боломжтой. Мөн зорчигч үйлчилгээний терминал нь нэг цагт 1100 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай байна. Эхний ээлжинд онгоц хүлээн авах 6 хүзүүвчтэй байна.
Иж бүрэн барилга байгууламжаас бүрдсэн олон улсын шинэ нисэх буудлыг 2018 он гэхэд ашиглалтад оруулахаар тооцож байгаа бөгөөд 2019 он гэхэд жилдээ олон улсын болон дотоодын нислэгээр 1 сая 650 мянган зорчигчид үйлчилж, 11900 тн ачаа тээвэрлэдэг болохоор тооцоолж байна.2013 онд Самсунг компаниас зарласан туслан гүйцэтгэгч шалгаруулах тендэрт манай компани оролцож шалгарсан бөгөөд Самсунг компани болон Ач Холдинг ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээг 2014 оны 5-р сарын 8-ны өдөр байгуулж, гарын үсэг зурсан.

Ингэснээр манай компани Хөшигийн хөндийд баригдаж байгаа шинэ нисэх буудлын ILS, DVOR/DME, VHF, бичлэгийн магнитафон, AIS/AFTN, AWOS зэрэг тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, суурилуулах том ажлыг хийхээр боллоо.