Ханбумбат нисэх буудал

ХАНБУМБАТ НИСЭХ БУУДАЛ
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн уурхайд Ханбумбат нисэх буудлыг байгуулахаар 2010 оны 4-р улиралд шийдвэрлэж, манай компани зураг төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан.Аэродромын зургийг Д.Цогт захиралтай зураг төслийн ЭЗТ ХХК, Барилга байгууламжийн зургийг Б.Оюунбилэг захиралтай Татах хүч ХХК, Үерийн хамгаалалтын далан сувгийн зургийг Гидроком ХХК тус тус хийхээр болж, гэрээ байгуулан ажилдаа орсон билээ.Тус нисэх буудалд нислэг үйлдэх тооцоот агаарын хөлгөөр Боинг 737-800-г сонгож, энэ онгоцны үзүүлэлтүүдэд тулгуурлан тооцоо, судалгаа хийсэн.Аэродром, барилгын техникийн шаардлагуудыг бид өөрсдийн хүчээр хийсэн ба зураг төслийг 4-р сард багтаан улсын экспертизээр хянуулж, ажил эхлэх зөвшөөрлөө авсан.2011 оны 6-р сарын 30-нд ургамлын хөрсийг хуулах ажлыг эхлүүлснээр нисэх буудлыг байгуулах нүсэр ажил бүтэн 2 жил үргэлжилсэн билээ.Манай компанийн инженерүүдээс бүрдсэн техникийн хяналтын баг ажиллаж, нисэх буудлын аэродром, барилгын ажлыг чанартай гүйцэтгүүлэхталаар анхаарч ажилласан. Энэ хяналтын баг нь аэродромын инженер, барилгын инженер, геодезийн инженер, материалын инженерээс бүрдэж байсан.Ханбумбат нисэх буудлыг байгуулахад ойролцоогоор 182695.9 м2 талбайд 73096.32 м3 ургамлын хөрсийг хуулж, 1410389.59 м3 ухмал, 212174.17 м3 асгаас, 72500 м3 бетоны ажил хийсэн.Энэхүү том бүтээн байгуулалтын ажлыг хийхэд 700 орчим хүн, 100 орчим техник өдөр шөнийн ээлжээр ажиллаж байсан.

ХБЗ-ны бетон хучилт нь 44 см зузаантай байсан ба бетон дэвсэх ажлыг АНУ-ын Gomaco фирмийн 3 машинаар барилгын нэг улиралд багтаан хийсэн нь Монголд бетон хучилтыг бетон дэвсэгч машин ашиглан дэвссэн анхны тохиолдол болсон юм.

Ханбумбат нисэх буудлын барилга угсралтын ажилд монголд урьд өмнө хэрэглэгдэж байгаагүй хэд хэдэн шинэ технологийг ашигласан. Үүнд:

  • Gomaco фирмийн бетон дэвсэгч машинуудыг ашигласан,
  • Бетоны арчлалтанд MasterKure 250 арчлалтын шингэнийг ашигласан,
  • хавтангийн хоорондын заадсанд DS Brown компанийн резинэн чигжээсийг хэрэглэсэн гэх мэт.

Манай инженерүүд Ханбумбат нисэх буудалд суурилуулах холбоо, навигаци, гэрэл суулт, зорчигч үйлчилгээ, газрын тусгай үйлчилгээ, аюулгүй байдлын үзлэгийн X-ray зэрэг тусгай тоног төхөөрөмжүүдийн судалгааг хийж, техникийн шаардлагуудыг боловсруулж, АНУ-ын Cooper Cruse компанийн гэрэл суултын систем, Герман улсын SRK компанийн зорчигч үйлчилгээний бүртгэлийн болон ачааны туузан дамжуурга, Англи улсын Smiths detection /хуучин Герман улсын Heiman компани/ компанийн аюулгүй байдлын үзлэгийн рентген тоног төхөөрөмж, Sony фирмийн хяналтын камерууд зэргийг нийлүүлж, суурилуулалтын ажлуудыг хийсэн.

Ханбумбат нисэх буудлын барилгын ажил 2012 оны 12-р сарын 10-ны өдөр дуусч, улсын комиссийг 12-р сарын 14-нд ажиллуулсан бөгөөд аэродромын барилга байгууламжийг хүлээж авсан актыг 2012 оны 12-р сарын 21-ний өдөр, барилга байгууламжийг хүлээж авсан актыг 2013 оны 1-р сарын 9-ний өдөр үйлдэж, ашиглалтанд оруулсан.

2013 оны 1-р сарын 26-нд Ханбумбат нисэх буудалд агаарын тээврийн Хүннү эйр компанийн Аэробус А-319 онгоцоор техникийн нислэг хийснээр бидний бүтээн байгуулсан нисэх буудалд анхны онгоц бууж, Ханбумбат нисэх буудлын түүхийн нэг хуудсыг нээсэн билээ.

Анхны зорчигчтой нислэгийг агаарын тээврийн Хүннү эйр компанийн Fokker-50 онгоцоор 2013 оны 2-р сарын 10-ны өдөр үйлдэж эхэлсэн.